Tuesday, May 11, 2010

“Гачуурт”-ын Л.Чинбатыг “Женко” Х.Баттулгын цэрэг болгоё

Үнэндээ чөлөөт бөхийн спорт Монголд “байсан” гэж дурсагдах хэмжээнд хүрээд буй. З.Ойдов, Х.Баянмөнх гэж дэлхийн аварга байсан, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Даваажав, Ч.Дамдиншарав,Д.Сэрээтэр,Т.Артаг,Д.Оюунболд гэж бөхчүүд олимпоос медаль хүртэж байсан гэсэн хууч дурсамж л хэсэгтээ яригдана. Тэгээд мартагдана. …Саяхан л, хоёр жилийн өмнөөс Монголын чөлөөт бөх сэргэж магадгүй нь гэсэн оч гэрэл хүмүүсийн сэтгэлд гялсхийсэн сэн. Чөлөөтийн бөхчүүд маань “Сөүл-88″-аас эхлэн “Барселон-92″, “Атланта-96″, “Сидней-2000″, “Афин-2004″, “Бээжин-2008″ гээд зуун, мянган дамнасан олон олимпид дараалан “хомоол хамж”, олон монголын магнайн үрчлээг нэмсэн билээ.

“Бээжин-2008″-ын дараа энэхүү байдалд цэг хатгахаар Монголын чөлөөт бөхийн холбоо эрс шийдэж залуу халуун, эрч хүчтэй залуусаар багаа бүрдүүлсэн. Тус холбоог олноо “Гачуурт”-ын гэж алдаршсан Л.Чинбат тэргүүлж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь Д.Бат-Эрдэнэ гэж шаавай залууг сонгож, ахлах дасгалжуулагчийн албанд үндэсний бөхийн гарьд Б.Гантогтохыг тохоон томилсон бөлгөө. Залуучууд ч ажилдаа ханцуй шамлан орсон. Хөрөнгө мөнгө ч чамгүй зарцуулж байгаа.нь анзаарагдаж эхэлсэн. Юутай ч 2009 онд дэлхийн аваргаас хоёр медаль аваатахсан. Гэтэл ахлах дасгалжуулагч нь ажилдаа ирэхээ больсон гэнэ, энэ тэр гэсэн яриа талын түймэр шиг дэгдэж, төд удалгүй Гантогтохыг А.Цэрэнсодномоор сольсныг олон хүн мэдэж байгаа. Дасгалжуулагчаа солиод байдал дээрдсэнгүй. Учир нь 2010 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн хаяанд ирчихсэн, тодруулбал энэ сарын 12-16-нд Энэтхэгийн Дели хотноо болох гэж буй. Дели бол монголчуудын шинэ үеийн түүхэнд хүндтэйгээр нэр нь дуурсагддаг хот. Алс тэртээх 1967 оны намар манай улс дэлхийн аваргын медалийг анх удаа энэ хотод болсон тэмцээнээс авч байсан бөлгөө. Тэр дундаа чөлөөт бөхийн төрлөөр шүү. Тэрхүү хүрэл медалийн эзэн нь аварга Ж.Мөнхбат. Харин одоо сураг сонсохноо нь Делид болох Азийн аваргын тэмцээнд оролцох бөхчүүдийн замын зардлыг улсаас ч тэр, Чөлөөтийн холбооноос ч тэр гаргахгүй болж. Тамирчид өөрсдөө зардлаа олж явна биз гээд зөнд нь орхисон бололтой юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “чөлөөт бөх” хэмээх хар салхинд хэдэн зуун сая төгрөгөө алгадуулан алдсан Чинбат захирлын гол нь харлаа байлгуй. Цацаад байдаг, цацаад байдаг, амжилт ололт, үр дүн төдийлөн харагдахгүй болохоор залуу бизнесмэн “шилээ харуулах” боллоо гэж учир мэдэх улс ярих болжээ. Чинбат захиралд буруу өгөх арга байхгүй. Спортын нарийн ширийнийг төдийлөн сайн мэдэхгүй байж болох ч тэрбээр сэтгэл гаргаж багагүй хүч, хөрөнгөө энэ спортын төрлийг дахин сэргээх, хөгжүүлэх үйлсэд зарцуулсныг баллуурдаж боломгүй.

Хэрвээ чөлөөтийн бөхчүүд маань зардлаа олохгүй бол Азийн аварга шалгаруулах тэмцээн монголчуудгүйгээр болох нь. Азийн аваргад тамирчдаа оролцуулаагүй улс намар болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэж санахын ч хэрэггүй. Дүрэм журам нь тийм юм. Тэгэхээр энэ жил манай улсын хувьд чөлөөтийн төрлеөр тив, дэлхийн дэвжээнээс амжилт горьдох шаардлагагүй болж байна гэсэн үг.

Монголчууд олимпийн хөтөлбөрт багтдаг бөхийн төрөл болох жүдо, чөлөөт бөх, сонгомол барилдаанаар тив, дэлхийн дэвжээнд “хүзүү дутахгүй” улс. Жүдо бөхийн төрөл манайд ямар амжилттай хөгжиж байна. Холбоо нь ямархан менежменттэй ажиллаж байна. Спортын энэ төрлөөр сүүлийн хоёр жилийн дотор олимпийн аваргатай, дэлхийн аваргатай болчихлоо. Бөхөө мэддэг, бөхчүүдээ мэддэг, яаж хөгжүүлэх арга замыг нь мэддэг хүн удирдана гэдэг огт ондоо юм байна гэдгийг бөхөд дуртай захын хүн ч хэлэх биз ээ. Энэ бүхэн “Женко”-гийн буюу Барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай салшгүй холбоотой. Жүдогоос гадна чөлөөт бөх, сонгомол бөхийг жигд хөгжүүлэхийн тулд Бөхийн төрлийн нэгдсэн холбоог нэн даруй байгуулмаар санагдана. Гол нь нэгдсэн холбооны тэргүүнээр Х.Баттулгыгсонгонажиллуулжяагаадболохгүй гэж. Нэг төрлийн холбооны менежментийг хөнгөхөн хийж ажиллуулж чадаж байгаа энэ эрхэм нэгдсэн холбооны үйл ажиллагааг ч толгой өвдөхгүй, аваад явчихна даа. Яахав, Баттулгын удирдлагад чөлөөт бөх, жүдо бөх, сенгомод бдасөө харауцсад вшөд түүний зааж зурснаар үйл ажиллагаагаа тус тусад нь явуулаад байж болноо доо. Тодруулбал, Бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч нь Х.Баттулга боллоо гэхэд Л.Чинбат захирал түүний удирдлагад Чөлөөтийнхөө холбоог тэргүүлдгээрээ тэргүүлээд л явчихна биз. Нэг хүний толгойгоор бодох нэг хэрэг, хоёр хүн санаагаа нэгтгээд бодох өөр хэрэг. Х.Баттулга, Л.Чинбат хоёр нэгдээд ажиллавал Монголын жүдо бөх, чөлөөт бөхийн спортын аль аль нь сэтгэл зовоохгүй хөгжөөд дэвжээд, бөхчүүд маань тив, дэлхийн дэвжээнд арвин их амжилт гаргаж, эх орныхоо нэрийг үргэлж дуурсган, элэг нэгтнүүдээ баярлуулсаар байх нь дамжиггүй. Гагцхүү Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаж ирсэн спортын нэгэн хүчирхэг төрлийг харсаар байгаад “нүд аниулах” уу, эсвэл амжиж Бөхийн төрлийн нэгдсэн холбоог байгуулан авьяаслаг удирдагчийн гарт жолоо, цулбуурыг нь атгуулах уу гэдэг л чухал асуудал болоод байнам бус уу.

No comments:

Post a Comment